Ертөнцийг тольдогч: Марк Брэдфорд (1961)

Цэг Таслал
2 min readMar 16, 2021

--

Сансрын уудмаас эх дэлхийгээ тольдвол ямар харагдахыг бид хиймэл дагуулаас авсан зургуудаар баримжаалж ойлгодог. Үгүйдээ гэхэд онгоцны цонхоор доош ширтэхэд уул нуруу, тариан талбай, далай тэнгис ямар гайхалтай харагддагийг онгоцоор нисч үзсэн хэн бүхэн мэднэ. Америкийн абстракт урлагийн залуу үеийн төлөөлөл Марк Брэдфорд үүнийг зургаар илэрхийлдэг мэт санагддаг. Зураач өөрөө юу төсөөлж, ямар нүдээр юуг харж илэрхийлснийг мэдэхгүй. Гэхдээ түүний зургуудаас ийм мэдрэмжийг би авдаг.

“Алив ээ, хар даа. Миний дотоод сэтгэлд ийм дүр зураг дүрслэгддэг” гээд өнгө дүрсээр түнийгээ илэрхийлж чаддаг хүмүүст эрхгүй атаархнам. Хамгийн гайхалтай нь түүнийг нь харсан хүмүүс өөр өөрийнхөөрөө “уншина”, мэдэрнэ, ойлгох ба тэр эрхийг нь үзэгчдэд үлдээнэ. Түүний зургийн илэрхийлэл нь ертөнцийг тэнгэрээс харсанаа дүрслээгүй ч байж мэднэ. Тэглээ гээд “Эргүү минь, би ингэж төсөөлж зураагүй шд” гээд арцалдаад байхгүй. Биднийг өөрийнхөөрөө үргэлжлүүлэн төсөөлөх хязгааргүй боломжийг олгож байна шүү дээ.

Mark Bradford

Марк Брэдфорд урлагийн сургуульд бүр 30 нас гарсан хойноо суралцсан юм билээ. Тэр хүртэл Брэдфорд ээжийнхээ салонд үсчингээр ажилладаг байв. Энэ ажил нь түүний гоозүйн мэдрэмжийг хөгжүүлэхэд нөлөөлсөн биз. Хожим урлагийн чиглэлээрээ суралцаж бакалавр, мастерын зэрэгтэй болсон байна. Брэдфорд тосон будгийн зураг болон коллаж (хайчилбар, наалт) хослуулан уран бүтээлээ туурвидаг, тун ч нүсэр хэмжээтэй зургууд зурдгаараа онцлогтой.

Будгаа дээрээс нь давхарлан нялж товойлгох, хурууны хээ мэт дүрслэл гаргах, элдэв хайчилбар наах зэргээр 3D маягийн дүрслэл (чухам мэргэжлийн нэршил нь юу гэдгийг мэдэхгүй нь) гаргадаг. Ийм зургуудыг аль өнцгөөс харснаас хамаарч өөр дүрслэл, өөр өнгө илэрхийлэгддэг. Түүний өнгөний илэрхийлэл тун баялаг, “ийм өнгө түүний зурганд зонхилдог” гэж хэлэх аргагүй. Дүрслэлийн хувьд ч оноож хэлэхэд бэрх. Гэхдээ өнгө хийгээд дүрсийг нь цогцоор нь харвал Брэдфордын зураг гэж хэлж болохоор тийм өвөрмөц зураг харагдана. Түүнийг нь би хувьдаа “Сансараас дэлхий ертөнцийг тольдохуй” гэж нэрлэдэг юм. Түүний зургуудыг хөгжмөөр илэрхийлбэл Английн “Loop” хамтлаг эсвэл Дэвид Боуигийн дуунууд л нийцэх байх: чөлөөтэй, юунд ч үл баригдсан, дүүлэн нисэх мэт мэдрэмжийг өгдөг тийм зургууд…

Mark Bradford arts

--

--