Ном-14: Зохиолч Хулио Кортасарын тухай (1914–1984)
Кортасарын өгүүллэгээс сэдэвлэсэн, Антонионигийн “Таталт” (Blow Up) гэдэг киног урьд нь танилцуулж байсан. Кино дээр зурагчин залуу бутны цаана байгаа гар буу барьсан эрийн дүрсийг хараад сэрдхийж буй тухай гардаг. Тэгвэл эх зохиол дээрээ юу гэж бичсэн байдгийг сонирхъё. “Сонины хэмжээтэй угаасан зураг дээрээс бүсгүйн царайг ширтэн суухдаа би эргийн саарал дэвсгэр дээр буй хар толбыг санамсаргүй олж харлаа. Үүнийг анзаарах хүртэл бүх зүйл хэвийн байсан юм”. Зохиолч энэ өгүүлбэрээрээ асар чухал нууцын сэжүүрийг уншигчдад атгуулчиж байна. Юун хар дүрс, ямар толбо вэ? Энэ юу байсан юм бол? гэж уншигч эрхгүй шимтэнэ. Гэхдээ тэр нь ямар учиртай тухай, ер сайх эрд үүнээс болж юу тохиолдсон тухай огт дурдахгүйгээр толгой эргүүлсээр байгаад өгүүллэг төгсдөг. Ядаж байхад энэ үйл явдлын хүүрнэгч нь 1 ба 3-р биеэс ээлжлэн өгүүлээд байхаар уншигч бүр самуурчихна.
Энэ бол Кортасар. Энэ арга барил бол түүний бичлэгийн онцлог. Түүний зохиолууд ер нь л ийм нууцлаг, учир битүүлэг байдлаар төгсдөг. Үгүй ээ, түүний зохиолууд огт төгсдөггүй гэж хэлэх нь илүү оновчтой юм байна.
Ямартай ч түүний зохиол бол: юу хэлэх гэж буйгаа зохиолч өөрөө ч ойлгохгүй ээрч түгдэрсэн утга учиргүй болхи бичвэр биш; эсвэл зохиолоо сонирхолтой болгох үүднээс адал явдал хөөж зориуд сенсаац тариад эцэст нь түүнийхээ тайллыг бичих ур чадвар дутмагц тэгс ингэсгээд замхруулчихаж буй ядмаг заль ч бас биш.
Түүний өгүүллэгүүдэд уран зөгнөл, төсөөлөл, зүүд, сэтгэл түгшим жигтэй явдал байнга гарна. Тухайлбал: Аквариумд буй гүрвэлийг харах гэж өдөр бүр зорьж ирдэг залуу сүүлдээ гүрвэл тэр хоёрын хооронд үл анзаарагдам холбоос үүсэж байгааг мэдэрнэ. Гэтэл өгүүллэгийн төгсгөлд мань эр өөрөө гүрвэл болсон ч юм шиг, эсвэл махан биеэрээ хүн хэдий ч оюун санаа нь гүрвэлүүдтэй нэгдсэн ч юм шиг, гэхдээ яг барин тавим хэлж боломгүй хачирхалтай дуусна (“Axolotl” өгүүллэг); юунаас шалтгаалсныг бүү мэд, гэнэт л туулайн бүжингээр бөөлждөг болсон, үүндээ шаналж, бусдаас нуух гэж зүдэрч буй эрийн тухай (“Letter to a Young Lady in Paris” өгүүллэг); сүнс сүүдэр ч юмуу, юу нь үл мэдэгдэх нэгэн хүч (амьд биет ч юм уу?) орон гэрийг нь зугуухнаар эзлэн буй тухай ( “House Taken Over”), сэтгэлийг нь зовоож буй зүйлээ илэрхийлж, бас тодорхойлж чадахгүйгээс болоод бухимдан шаналж буй алдартай хөгжимчний тухай (“The Pursuer”) гэх мэт өвөрмөц содон өгүүлэмжүүд Кортасарын зохиолд элбэг тохиолдоно.
Түүний зохиолын утга санааг уншигчид өөр өөрийнхөөрөө тайлж болно. Ер нь ч тэгэх нь зүйтэй байх. Жишээ нь “House Taken Over” өгүүллэг надад дараах сэтгэгдлийг төрүүлдэг: эсэргүүцье гэвч боломжгүй, дэмий л хүлцэхээс өөр аргагүй учраас аажмаар шахагдан бууж өгч буй дүр зураг; улстөрийн өнгө аястай ч байж болох өгүүлэмж. Магадгүй үүнийг өнөөгийн нийгмийн хөрсөн дээр буулгаад харвал хүссэн ч эс хүссэн нь ч хүлээн авахаас өөр аргагүйд хүрч буй соёл, технологи, сошиал түрлэгүүд.
Кортасар зохиолоо бичихдээ ер бусын-энгийн, зөгнөл-бодит байдал гэсэн эрс ялгаатай ойлголтыг хослуулан хүүрнэх, үйл явдлын учир шалтгааны тайллыг зориуд орхигдуулах, хоёр эсвэл түүнээс ч олон хувилбар бүхий тайлалтай байхуйцаар төгсгөх зэргээр утга зохиолын “төөрдөг байшин”-г чадамгай урладаг. Энэ нь уншигчид хоёр сонголт өгнө: нэг бол энэ мушгираа ээдрээг өөрийнхөөрөө тайлж “төөрдөг байшин”-гаас гарах; эсвэл… заза, энэ талаар яриад илүүц биз.