Солиотнуудын дундах эрүүл хүн: А.П.Чехов “Зургаадугаар тасаг”

Цэг Таслал
3 min readMay 4, 2022

--

Ленин хэн рүү ч билээ бичсэн захидалдаа “Чеховын Зургаадугаар тасаг туужийг уншлаа. Тун эвгүй! Би өөрөө Зургаадугаар тасагт түгжигдсэн мэт мэдрэмж төрөв…” гэх утга агуулгатай зүйл бичсэнийг би бас хаанаас ч билээ (бодвол Чеховын намтар, уран бүтээлийн танилцуулга байсан биз) уншиж байсан юм. Хүн дөнгөж уншиж сурах үеэс л бага ангийн сурах бичгээс өгсүүлээд бүхий л ном хэвлэл дээр Ленин гэдэг хүн хэчнээн ухаалаг, огт худал ярьдаггүй, ямар уужим сэтгэлтэй талаар байнга бичдэг байсан болохоор энэ хүний хэлсэн үг хамгийн зөв, мэргэн нь гэж тухайн үед итгэдэг байв шүү дээ. Тийм ч учраас Чехов гэж нэг мундаг зохиолч, “Зургаадугаар тасаг” гэж нэг гайхамшигтай зохиол байдаг юм байна гэдгийг Ленин багшдаа бат итгэдэг балчир хөвүүний хувиар ойлгож авсан болой.
Хожим Ленин гэдэг идеал бутран унав. Мань хувьсгалч баахан худлаа наадаг, хэлсэн бүрт нь үнэмшиж боломгүй, ер нь нэлээн эвгүй этгээд гэдэг нь илрэв. Гэхдээ тэр Чехов болон “Зургаадугаар тасаг” туужийн хувьд худлаа хэлээгүй юм.

Богино өгүүллэгийн мастер гэгддэг Чеховын бичсэн цөөн туужийн нэг нь “Зургаадугаар тасаг”.
Эрч хүчтэй залуухан эмч Андрей Ефимыч хөдөө газрын буйдхан хотод ирээд “эмчлээд, эдгээгээд, өөд нь татаад өгье” гэсэн эрмэлзлээр ажилдаа орох авч дээрээс төсөв хуваарилахгүй, өгсөн жаахныг нь доогуураа шат шатандаа зувчуулдаг, эмнэлгийг өөд нь татъя гэсэн сэтгэлтэй нэг ч хүн байхгүйг аажмаар ойлгож, нэг л мэдэхнээ өөрөө ч цөхөрч идэвхгүй, урсгалаараа нэгэн болон хувирчээ.
Эмнэлгийн галзуугийн тасагт 5 хүн бий. Уг тасгийн дугаар нь 6. Андрей Ефимыч нэг удаа 6-р тасгийн нэгэн өвчтөнтэй ярилцах зуураа сайх солиотой нөхрийг хэчнээн өргөн мэдлэгтэй, амьдрал, хүний мөн чанарын талаар ямар сонирхолтой үзэл бодолтой болохыг нь “нээжээ”. Энэ хотод ирснээс хойшх олон жилийн хугацаанд, магадгүй, хамгийн эрүүл, зөв бодолтой хүнтэй учирсан нь мөнөөх солиот ажгуу. Андрей Ефимычийн өдрийн ажлын хуваарь, амьдралын хэмнэл өөрчлөгдөв. Сав л хийвэл 6-р тасаг руу гүйж ороод өнөө “ухаалаг солиот”-той цэц булаалдах дуртай болчихжээ. Энэ нь эмнэлгийн ажилтнуудад тун ч хачирхалтай санагдаж эхэлнэ. Ингээд хов жив ам дамжсаар мань Андрей Ефимычийг өөрийг нь солиотой гэж хэн бүхэн сэжиглэх болжээ. Дээр нь үгийн үг дуу цөөтэй Андрей Ефимыч бүр зожгорч, өөрийн хүрээллийн цөөн хүмүүстэйгээ ч харьцах нь багасав. Түүний туслах эмчээр ирсэн залуугийн хувьд Андрей Ефимыч солиорсон гэдэг бол сайн мэдээ: түүний оронд ерөнхий эмч болох боломж! Тэгээд эмнэлгийн төсөв, ер эмнэлгээс завшиж болох юу байна тэр бүхнээс хулуулж өгнө, угаасаа Андрей Ефимыч ч бас тэгдэг байж таараа. Учир нь бүгд л тэгж амьдардаг.

Андрей Ефимычийг ажлаас нь чөлөөлөв. Түүний цор ганц найз нь мань хүнийг ятгасаар хамтдаа аяллаар явав. Найз нь түүнийг овоо их мөнгө хуримтлуулсан, дор хаяж 20 мянган рубльтэй хэмээн бат итгэсэн байж л дээ. Тиймээс ч мөрийтэй тоглоомын өрөө дарах гэж Андрей Ефимычээс 500 рубль зээлж авахдаа нэг их санаа нь зовсонгүй. Гэтэл хотын эмнэлэгт 20 гаруй жил ажилласан эмчийн бүх хуримтлал нь ердөө 586 рубль байсан аж. Ажилгүй найзынхаа бүхий л хуримлалыг нь ганц тоглоомонд сэгсрээд хаяснаа мэдсэн найз нь Андрей Ефимычийг өрөвдөн учиргүй уйлжээ.

Аяллаас буцаж ирсний дараа Андрей Ефимыч бүр ч хажиг зожиг болчихжээ… Түүний гэрт 2 хүн байнга ирнэ: мөнгөний өртэй учраас түүндээ санаа зовж, анхаарал тавьж буй царай гарган өдөр бүр шал дэмий эргэж тойрох найз; ямар байгааг нь тандаж ирэх хуучин туслах эмч. Мөнөөх хоёроос залхсан Андрей Ефимыч нэг л өдөр тэсрэн, тэднийг хөөв. Бухимдлаа гаргав…
Удалгүй, 6-р тасагт 6 дахь өвчтөн ирлээ.

--

--

Цэг Таслал
Цэг Таслал

Written by Цэг Таслал

кино | ном | хөгжим | зураг

No responses yet